БГД-ийн Эрүүл мэндийн төв хавдрын цогц эмчилгээг нэвтрүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. БГД-ийн Хавдрын төв нь хавдрын хими эмчилгээний төрөлд Hyperthermic Intraperitoneal Chemotherapy эмчилгээг нэвтрүүллээ.
Тус эрүүл мэндийн төвд “Хавдрын төв” шинээр байгуулж, хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, иргэдэд хавдрын мэс засал, системийн эмчилгээ, хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ, сэтгэл засал, хоол эмчилгээ, зөвлөгөө, хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээг цогцоор нь нэг урсгалаар үзүүлэх боломжтой болж байна. ЭМЯ-наас хэрэгжүүлж буй “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг хийж буй юм.
Тус ЭМТ 2008 оноос хавдрын амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлсэн бөгөөд 2018 оноос 10 ортой хими, хөнгөвчлөх эмчилгээний тасагтай үйл ажиллагаа явуулж байсан. Цаашид хавдрын тусламж, үйлчилгээг орон нутаг, нийслэлд цогцоор нь үзүүлэхээр хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, менежментийг сайжруулах ажлыг үе шаттай хийх юм. Ингэснээр ард иргэд хавдрын тусламж, үйлчилгээг оршин суугаа газар нутагтаа санхүүгийн эрсдэлгүй, чанартай авах боломж бүрдэх аж.