“Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолтыг Улаанбаатар хотод толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Агуу ялалт- Агуу нөхөрлөл” тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 4-нд болно.
Тоглолтын талаар Буриадын ардын уран бүтээлийн төвийн захирал Альбина Дугарова ярихдаа, “Найрамдал” тоглолтын үзэл баримтлал нь гурван үндсэн хэсэгт суурилсан. Эхний хэсэгт Монгол Улсын Зэвсэгт хүчний дуу, бүжгийн улсын чуулга Буриадын “Байгаль” театр, ардын “Раздолье” хамтлагийн уран бүтээлчид 1939 оны Халхын голын эрэг дээрх тулааныг урлагийн хэлээр өгүүлэх юм. Дараагийн хэсэгт Эх орны дайны он жилүүдэд зориулж дуу, бүжгийн хэлээр найрамдал хэрхэн бэхэжсэн, фашист Германыг ялсан Агуу ялалт хэрхэн бий болсон тухай өгүүлнэ. Энэ үеэр монголчуудын танил, дайны үеийн алдартай дуунууд эгшиглэнэ. Харин тоглолтын төгсгөлд хоёр орны ард түмний сэтгэлд хоногшсон ялалтын алтан дуу “Катюша”, “Гурван танкчин”, “Смуглянка” зэрэг дуу эгшиглэж “Нарны домог” сьюта эцсийн өнгө болж, хоёр ард түмний гүн гүнзгий нөхөрлөлийг илэрхийлнэ” гэв.
“Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолт нь түүхэн баатруудыг дурсахын нэр биш, харин ч Буриад, Монгол хоёр ард түмний соёл, түүхийн гүн гүнзгий холбоог бататгах чухал алхам юм.
Монгол-Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 25 дахь хуралдаан Улаанбаатар хотод 2023 оны аравдугаар сарын 23-нд болсон. Энэ хүрээнд хоёр улсын найрамдлыг илэрхийлсэн 63 хоногийн баярын хөтөлбөр Монголын хотуудад тоглолт хэлбэрээр үргэлжилсэн юм. Мөн 1939 оны эх орны дайны түүхэн үйл явдлын дүрс бичлэг, радиогоор цацагдсан мэдээ, дуу бичлэгүүдийг орос, монгол хэлээр ашиглах аж.
Мөн Буриадын театрын бүтээл болох “Фронт Цэгмид” баримтат киног толилуулна.