К.Харрис шинэ засаг захиргааг ширүүн шүүмжлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
САН-ФРАНЦИСКО, 2025 оны тавдугаар сарын 2 /ВВС/. Өнгөрсөн оны сонгуульд Д.Трамптай өрсөлдсөн АНУ-ын дэд ерөнхийлөгч асан К.Харрис ялагдсанаасаа хойш анх удаа олон нийтийн өмнө үг хэлэхдээ “хуумгай болчимгүй бодлого” явуулж буй Д.Трамп болон түүний засаг захиргааг хатуу шүүмжилжээ. Түүний хэлсэн үг Трамп албан тушаалдаа орсноос хойших 100 хоногтой давхацсан байна.
Тэрбээр мэдэгдэхдээ “Трампын
татварын бодлого бол Америкийн орчин үеийн түүхэн дэх зохиомлоор дэгдээсэн хамгийн
том эдийн засгийн хямрал мөн” гэлээ.
“Сүүлийн саруудад болж буй үйл явдлыг
зарим хүмүүс жинхэнэ эмх замбараагүй байдал гэж дүгнэж байна. Энэ бол мэдээж
хэрэг, татвартай холбоотой, Трампын татварууд хямралыг даллан дуудаж байна” хэмээн
К.Харрис хэлжээ.
Трампын бодлого нь америкчуудын
өдөр тутмын зардлыг нэмэгдүүлж, тэтгэврийн данс, жижиг бизнест сөргөөр нөлөөлнө
гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлээд, энэхүү бодлогын эсрэг ил шууд тэмцэж
буй хүмүүсийг сайшаалаа.
К.Харрис ялагдсанаасаа хойш анх
удаа олон нийтийн гарахдаа Emerge America байгууллагын Сан-Франциско хотод зохион
байгуулсан цуглаанд оролцсон байна. Тус байгууллага улстөрчийн замналаа
эхлүүлэх, сонгуульд оролцоход нь эмэгтэйчүүдэд тусалдаг ажээ.
Тэрбээр Трампын эдийн засгийн бодлогыг
шүүмжилсэн төдийгүй түүний мөрийн хөтөлбөрийг “Америкийн ирээдүйг явцуу амиа
хичээсэн байдлаар урьдчилан харсан” гэж тодорхойлоод, Трампын багийнхан үнэнийг хэлсэн хүмүүсийг
залхаан шийтгэж, өөрт нь үнэнч хүмүүсийг дэмжиж, бусдыг нь хувь заяанд нь даатган гаргуунд нь хаяж байна”
гэлээ.
“Энэ хямрал эцсийн дүндээ бүх
хүнийг дайрч өнгөрнө, учир нь, бидний эрх, эрх чөлөөг хамгаалж буй дүрэм
журмууд ямар ч ач холбогдолгүй болох юм” гэж дэд ерөнхийлөгч асан хэлсэн байна.
“Нөхцөл байдал сайжрахаасаа өмнө эхлээд улам
дордох байх, гэхдээ бид үүнд бэлэн байна” хэмээн К.Харрис хэлээд үгээ
дуусгалаа.