БАЯНХОНГОР: Үйлдвэрлэлийн дадлагаар хийсэн ширээ, сандлыг "Эрдэм" сургуульд хүлээлгэн өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны тавдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Политехник коллежийн оюутнуудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сургалтын байгууллагуудад хэрэглэнэ.
"Алсын хараа 2050" Засгийн бодлогын хүний хөгжлийн зорилт, Монголын боловсролын түгээмэл тунхаглал 2024, Баянхонгор аймгийн багш нарын Анхдугаар их хурлын гаргасан залгамж чанартай өндөр үр ашигтай зохион байгуулалтыг бий болгох хүрээнд гүйцэтгэл үр дүнд суурилсан санхүүжилтийн үр нөлөөг сайжруулахаар болж, өнгөрсөн жилээс аймгийн Боловсролын газар, Политехник коллеж хамтран ажиллаж байна.
Энэ хүрээнд оюутнуудын хичээл үйлдвэрлэлийн дадлагын чанарыг сайжруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр аймгийн сургалтын байгууллагыг хангахаар төлөвлөсөн бөгөөд мужаан, сантехник, гануурын мэргэжлийн багш суралцагчийн дадлагын сургалтаар хийсэн сурагчийн эко модон ширээ сандлыг "Эрдэм" ахлах сургуульд хүлээлгэн өгчээ.
Суралцагчдын хийсэн ширээ сандал үзэмж, чанар сайтай, бат бөх, хямд үнэтэй бөгөөд сургалтын байгууллагад ширээ сандлын хэрэгцээ нэн их байгаа тул харилцан бие биенээ нөхөж ажиллах боломжийг бүрдүүлсэн энэ ажлаар өнгөрсөн жил Галуут сумын болон Баянхонгор сумын 2 дугаар цэцэрлэгт ширээ сандал, оёдлын ангийн суралцагчдын бүтээлийг нийлүүлсэн байна.