Нутгийн 90 гаруй хувьд ургамал цухуйжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-05-05 15:15:17

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Манай орны нийт нутгийн 90 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаад байна.


Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн сарын 30-ны байдлаар Орхоны нийт, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунд, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумын нутгаар ургамал хэвийн ургажээ. Харин Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумын ургамал муу ургасан аж.



Салхины хурд тал хээр, говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарын гол, Төвийн Угтаал цайдам, Өмнөговийн Цогт-Овоод 27-30 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.


Агаарын температур өнгөрсөн арав хоногт нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумын нутгаар дундаж орчимд буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага оржээ. 

Холбоотой мэдээ