БАЯН-ӨЛГИЙ: “Авто парад-100”-д ахмад тээвэрчид оролцлоо
ФОТО МЭДЭЭ
Өлгий, 2025 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монгол Улсад Авто тээврийн салбар үүсгэн байгуулсны түүхэн 100 жилийн ойн хүрээнд Баян-Өлгий аймгийн ЗДТГ, аймгийн Авто тээврийн төвтэй хамтран “Авто парад-100” авто машины жагсаал болон ойн баярын нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Авто парадад төрийн байгууллагууд, ААН-үүд, иргэдийн хувийн
авто машин, мотоцикл зэрэг бүх төрлөөс нийт 120 гаруй тээврийн хэрэгсэл
оролцлоо.
Парадад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Пунцаг агсны тухайн үед ашиглаж байсан
авто грейдерийг хүүхэд нь жолоодож оролцсон бол ахмад тээвэрчин
С.Хазыбай, К.Жылхыайдар нар краз маркийн ачааны машинаа өөрсдөө жолоодож
оролцсон нь онцлогтой байлаа.
Аймгийн төв талбайд ойн баярын нээлтийн үйл ажиллагааг зохион
байгуулж, аймгийн Засаг дарга Е.Зангар, Авто тээврийн төвийн дарга З.Онгар,
салбарын ахмадууд, засаг дарга асан А.Гылымхан, салбарын удирдлагаар ажиллаж
байсан ахмад А.Даримхан, ахмад тээвэрчин С.Хазыбай, ахмад ажилтан A.Анипа, гавьяат
тээвэрчин Ш.Партизан нар үг хэлж тээвэрчдэд ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Төв талбайд байрлуулсан хуучин загварын авто машин, мотоцикл, унадаг дугуйнуудыг иргэд, залуучууд ихээр сонирхож, ялангуяа ахмадууд залуу
үеэ дурссан дурсамжтай өдөр болсныг онцлон ярьж байв.











