iPhone үйлдвэрлэгч компани цахилгаан авто машин үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-08 12:25:14

ТАЙБЭЙ, 2025 оны тавдугаар сарын 8 /BBC/. Америкийн “Apple” компанийн iPhone гар утсыг үйлдвэрлэгч Foxconn компани Японы Mitsubishi Motors компанийн цахилгаан авто машинуудыг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа зарлажээ.


Зарчмын хувьд тохиролцсон гэрээний дагуу хамтарсан компани Тайваньд Mitsubishi-гийн авто машины загварыг зохион бүтээж, үйлдвэрлэнэ. Компаниуд шинэ загвараа ирэх оны эцэс гэхэд худалдаанд гаргахаар төлөвлөж байна.


Энэхүү гэрээ нь “Foxconn хувьд эрчимтэй хөгжиж буй, өрсөлдөөн ихтэй цахилгаан машины салбарт байгуулсан анхны томоохон гэрээ болох юм. Харин “Mitsubishi зэрэг Японы авто машин үйлдвэрлэгчид Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америк, Европын зах зээлд Хятадын компаниудтай ширүүн өрсөлдөж байна.


Шинэ машинуудыг Foxconn” болон Тайванийн авто машин үйлдвэрлэгч Yulon Motor”-ын хамтарсан үйлдвэр болох “Foxtron” үйлдвэрлэх ажээ. “Foxtron нь загвар дизайн, үйлдвэрлэлийн менежментийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд шинэ загварын авто машиныг 2026 оны хоёрдугаар хагаст Австрали, Шинэ Зеландын зах зээлд гаргах төлөвтэй байна гэж компаниудын мэдэгдэлд дурджээ.


Одоогоор харилцан ойлголцлын санамж бичиг гэж нэрлэгдэж буй гэрээ нь хоёр компанийн хооронд байгуулсан заавал биелүүлэх албагүй хэлцэл юм. Компаниуд тодорхой тохиролцоонд хүрэхийн тулд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ. Foxconn бол дэлхийн хамгийн том электрон хэрэгслийн үйлдвэрлэгч бөгөөд үйлчлүүлэгчдийнх нь дунд Appleзэрэг томоохон технологийн компаниуд багтдаг. Харин “Mitsubishi Motors бол Nissan болон Францын авто машин үйлдвэрлэгч Renault-ын эвслийн түнш юм.


Хятадын авто машины үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж, дэлхийн хоёр дахь том эдийн засагтай тус улс өргөжин тэлж буй цахилгаан машины зах зээлд тэргүүлэгч болж байгаа энэ үед дээрх шийдвэрийг гаргажээ. “BYD зэрэг Хятадын томоохон компаниуд шинэ хэрэглэгчидтэй болсоор байгаа тул дэлхий даяарх нэр хүндтэй авто машин үйлдвэрлэгчид тэдэнтэй өрсөлдөхийн тулд багагүй хүчин чармайлт гаргаж байна.

 


Холбоотой мэдээ