ХОВД: Хар-Ус нуурын хамгийн том арал нь Агваш
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аялал жуулчлалын гол үзмэрүүдийн нэг бол Хар-Ус нуур юм.
Тус нуур нь Монголд мянгаас дээш хавтгай дөрвөлжин километр талбайтай дөрвөн нуурын нэг бөгөөд эргэн тойрондоо Монгол алтайн нуруугаар хүрээлэгдэнэ.
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт Агваш арал, Алаг уул, Юмын хоолой, Бөлбөөтийн тохой, Жанжин овоо, Рашаантын хүрхрээ зэрэг үзэсгэлэнтэй газрууд олон бий.
Онцлоход, Хар-Ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь Агваш арал юм.
Агваш арал нь уулархаг зарим хэсэгтээ нам толгод, гүвээ элбэгтэй. Хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1440 м өргөгдсөн. Агваш нэрийн тухай домог хууч яриаг нутгийнхан нь ярилцдаг. "Эрт үед олон хүүхэдтэй айл байжээ. Хүүхдийнхээ тоог аягаар нь тоолдог байж. Гэтэл нэг удаа нутаг сэлгэн нүүжээ. Орой хоолоо идэцгээж хүүхдүүдийнхээ аяганд хоол хийж өгөхөд нэг аяга эзэнгүй үлджээ. Аав нь эргээд ирэхэд Агваш нэртэй хүүхэд нь буурин дээрээ тоглоод сууж байсан" хэмээдэг.
Хар-Ус нуур бол олон тооны усны шувуудын үүрлэж, өндөглөдөг, нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг чухал газар юм. Онцлоход, борцгор хотон шувуу нь Монгол орны зөвхөн Хар-Ус нуурын орчимд зусаж, өндөглөн нүүдэллэдэг.