БАЯН-ӨЛГИЙ: “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнд 150 багачууд ур чадвараараа өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-05-13 13:43:16

Өлгий, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хүүхэд багачуудыг замын хөдөлгөөнд аюулгүй оролцох, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрэм, мэдлэгийн дадал олгох зорилгоор жил бүр “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулж байна. 


Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Боловсрол, шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Улаан загалмайн хороо хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд 25 цэцэрлэгийн 150 хүүхэд багачууд ур чадвараа сорин өрсөлдлөө.


Тэмцээний удирдамжид заасан даалгавар болон сорилын нийлбэр дүнгээр, 1 дүгээр байрт Бугат сумын 2 дугаар цэцэрлэг, 2 дугаар байрт Өлгий сумын 11 дүгээр цэцэрлэг, 3 дугаар байрт Өлгий сумын 5 дугаар цэцэрлэг, тусгай байрт Улаанхус сумын Хөх хөтөл багийн цэцэрлэг тус тус шалгарлаа.


Он гарсаар аймгийн Цагдаагийн газарт зам тээврийн 24 осол бүртгэгдсэн бол архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 142 зөрчил, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 243 зөрчил, үүнээс сургуулийн насны хүүхдүүд жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон 39 зөрчил бүртгэгджээ. Шөнө оройн цагаар сургуулийн насны хүүхдүүд гудамж талбайд тээврийн хэрэгсэл жолоодож, аливаа хэрэг зөрчил гаргах явдал ихэссэн тул Замын цагдаагийн тасгаас хүүхэд, багачуудын дунд замын хөдөлгөөний дүрмийг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг эрчимжүүлж байна. 

Холбоотой мэдээ