ОРХОН: “Эрдэнийн дэнлүү” шилдэг сувилагч шалгаруулах ёслол боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-05-13 10:27:55

Баян-Өндөр, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан “Сувилагчаа сонсъё” баярын хурлыг 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгууллаа.


Хурлыг нээж Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг нар оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.


Орхон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарын 161 байгууллагад 507 сувилагч, 338 тусгай мэргэжилтэн ажиллаж байгаа бөгөөд орон нутгаас “Эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эмч, сувилагч, тусгай мэргэжилтний нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалахад олон талт ажлыг хэрэгжүүлж байна. 


Мөн сүүлийн таван жилд сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч 10 туслах сувилагчийг орон тоогоор ажиллуулахад шаардлагатай 400 гаруй сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс шийдвэрлэжээ. 


Баярын хурлын үеэр салбартаа тэргүүлэн ажиллаж буй “Эрдэнийн дэнлүү” шилдэг сувилагч шалгаруулах ёслол боллоо. Энэхүү шагналын эзэн Орхон аймгийн шилдэг сувилагчаар БОЭТ-ийн Дотрын тасгийн ахлах сувилагч Шаравын Очирмаа шалгарлаа.


Мөн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, амжилт гаргасан сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ төрийн болон орон нутгийн шагналаар 100 гаруй хүн шагнууллаа.



Холбоотой мэдээ