“Baidu” робот такси үйлчилгээгээ Европт нэвтрүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
БЭЭЖИН, 2025 оны тавдугаар сарын 15 /CNBC/. Хятадын технологийн “Baidu” компани “Apollo Go” робот таксины үйлчилгээгээ энэ онд Европт нэвтрүүлж бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.
Ирэх саруудад “Apollo Go” Швейцарт салбараа нээхээс гадна, Туркт үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байна гэж нэрээ нууцалсан эх сурвалж хэлсэн байна. Энэ талаар тодруулах CNBC телевизийн хүсэлтэд “Baidu” одоогоор хариу өгөөгүй байна. “Apollo Go” нь Бээжингийн захын дүүрэг болон Хятадын бусад хотод автомат жолоодлоготой такси үйлчилгээ үзүүлдэг юм. Таксигаар үйлчлүүлэх төлбөрийн хувьд ихэвчлэн татаастай байдаг.
Уг үйлчилгээг Дубай, Абу-Дабид нэвтрүүлэхээр төлөвлөж байгааг энэ оны гуравдугаар сард зарласан байна. Мөн өнгөрсөн долоо хоногт тус компани Хонконгт туршилт явуулж байгаагаа мэдэгджээ. Хятадын холбогдох албаныхан робот таксинуудыг жолоочтой, жолоочгүй зэрэг туршилтын олон үе шатыг дамжсаны дараа үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрдөг байна.
Харин “Apollo Go”-ын өрсөлдөгч “Pony.AI” компанийн хувьд энэ сарын эхээр “Uber” компанитай түншлэлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ оны эцсээр Ойрх Дорнодын зах зээлд хөл тавихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.