ЗАВХАН: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр хүчтэй салхи, нөөлөг салхины давтамж нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-15 17:48:10

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн нутагт салхины хамгийн их хурд 20-40 м/с хүрдэг байна.


Жилийн дундаж салхины хурд ууландаа 2.0 м/с, говь хээрт 3.1 м/с хүрч байна. Ялангуяа хаврын улиралд салхины давтамж их болсон байна. 15 м/с–ээс дээш хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджаар 7-22 байна.


Салхины хамгийн их хурд 20-40 м/с хүрч бүртгэгдсэн байна. Шороон шуургатай өдрийн тоо уулархаг болон тал хээрийн бүс  нутгаар 29-76 хоног, харин Улиастай, Дөрвөлжин сумын нутгаар 80-105 хоног байдаг. Өвөл, зунд салхины зонхилох чиглэл солигдож хавар, намар шилжилтийн байдалтай байх боловч орчны урсгал, газар нутгийн нөлөөнөөс өвөрмөц байдалтай байдаг.


Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр аймгийн хэмжээнд хүчтэй салхи, нөөлөг салхины давтамж нэмэгдсэн байна. Эрсдэлийн үнэлгээгээр Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Улиастай, Эрдэнэхайрхан, Сантмаргац суманд өндөр үнэлэгдсэн.


Бусад 18 сумын нутгаар дунд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Тиймээс хүчтэй салхи, шуурганы эрсдэлийг бууруулахын тулд гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд цаг агаарын онц аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхой тусгах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгахыг зөвлөж байна.


Өндөр эрсдэлтэй гарсан сумдын барилга, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын дээврийг хүчитгэх. Цахилгаан, авто зам зэрэг бусад дэд бүтцэд учирч болзошгүй хохирлыг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөдөг байх хэрэгтэй.


Гамшгаас хамгаалах сайн дурын бүлгэмийг чадавхжуулахыг бүх талын хамтын оролцоотой хийх. Хүчтэй салхи, шуурганаас хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлээр тухайн нутгийн экологийн нөхцөлд тохируулан мод, бут, сөөг тарьж, зүлэгжүүлэх хэрэгтэй. Ялангуяа жил бүрийн мод тарих өдөрт ач холбогдол өгч мод тарих, тарьсан модоо арчлах талаар мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авах нь чухал.


Орон нутгийн иргэд, малчид, тариалан эрхлэгчдэд байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл болох талаар сэрэмжлүүлэг анхааруулга, цаг агаарын урьдчилсан сэргийлэх мэдээг шуурхай хүргэх, хүртээмжийг нэмэгдүүлэх. Хүчтэй цасан болон шороон шуурганаас хамгаалах талаар олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт зохион байгуулах нь зүйтэй юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Ташрамд, 2025 оны тавдугаар сарын байдлаар аймгийн нийт нутгаар хүчтэй салхи шуурга, цасан болон шороон шуурганы давтамж өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэмэгдсэн байна.

 

Завхан аймгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ

Холбоотой мэдээ