Газрын тосны үнэ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-16 14:39:21

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 16 /CNBC/. АНУ, Ираны талууд Техраны цөмийн хөтөлбөрийн асуудлаар удахгүй тохиролцоонд хүрэх магадлалтай байгаатай холбоотойгоор газрын тосны үнэ пүрэв гарагт буурчээ. 


Тодруулбал, Brent маркийн газрын тосны долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 2.36 хувиар буурч, нэг торх нь 64.53 ам.доллар болсон бол АНУ-ын WTI маркийн нефтийн үнэ 61.62 ам.долларт хүрч,  2.42 хувиар буурсан байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнодод хийж буй айлчлалынхаа үеэр Катарын нийслэл Доха хотноо мэдэгдэл хийхдээ, АНУ Ирантай цөмийн хэлэлцээр байгуулахад ойртож байна гэсэн юм. “Бид урт хугацаанд энх тайвныг тогтоохын төлөө Ирантай маш нухацтай хэлэлцээ хийж байна” гэж Д.Трамп хэлжээ.


“Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийг цуцалсны хариуд тодорхой нөхцөлүүд бүхий цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурахад бэлэн байна” гэж Ираны дээд удирдагчийн ахлах зөвлөх NBC News телевизэд мэдээлсний дараахан Д.Трамп дээрх мэдэгдлийг хийсэн байна.


АНУ, Ираны хооронд цөмийн хэлэлцээр байгуулах төлөвтэй байгаа нь нефтийн зах зээлд гүн гүнзгий нөлөөлөх төлөвтэй байна. “Цөмийн хөтөлбөрийн асуудлаар тохиролцоонд хүрч магадгүй байгаа нь өнөө өглөө газрын тосны үнэ унасны цорын ганц шалтгаан юм. Хэрэв тохиролцоонд хүрвэл Иран цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах боломжтой уран баяжуулахаа зогсоож, тус улсын түүхий нефтийн экспорт өдөрт 1 сая торхоор өснө” гэж PVM фирмийн шинжээч Тамас Варга хэлжээ.

Холбоотой мэдээ