ДОРНОД: Зөгийчид өнгөрсөн намар 36.6 тн зөгийн бал хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Дэлхийн зөгийн өдөр өнөөдөр тохиож байна.
Дорнод аймгийн хэмжээнд 25 иргэн, ААН зөгийн аж ахуй эрхэлдэг. Ноднин намар л гэхэд зөгийчид 1409 бүл зөгийнөөс 36.6 тонн зөгийн бал хураан авчээ. Тэдний нэг төлөөлөл бол Баяндун сумын зөгийчин Б.Энхбаяр.
Б.Энхбаярын гэр бүл, хамаатан саднуудаараа эко хүнс хэрэглэх зорилгоор Халхгол сумаас 30 бүл зөгий худалдан авч үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Харин 30 бүл зөгийнөөсөө 200 гаруй литр зөгийн бал хураан авсан учир цаашид аж ахуйгаа өргөжүүлэхээр шийдэн шил сав захиалж, зөгийн балаа сумандаа борлуулж байгаа юм. Ийнхүү нутгийн брэнд бүтээгдэхүүндээ нагац аавынхаа алдрыг хайрлаж “Аюур” хэмээн нэрлэжээ. “Аюур” брэндийн зөгийн аж ахуй Баяндун сумын Дунд үлийн давааны ард байрлаж байна.
Сонирхуулахад, 1-2 хоногтой ажилчин зөгий хамт төрсөн “дүү” өндөгнүүдээ дулаан байлгах, 3-5 хоногтой нь том авгалдайнуудыг, 6-11 хоногтой нь жижиг авгалдайнуудыг хооллох үүрэг хүлээдэг. Харин 12-17 хоногтой нь давирхай гарган сархинаг барьж хүнс зөөнө. 18-21 хоногтой зөгий үүрээ гадны халдлагаас хамгаалдаг бол түүнээс дээш настай зөгийнүүд 40-45 нас хүрч үхэх хүртлээ үүрнээсээ гарч цэцгийн тоос тоосонцор, бал, ус цуглуулан тоос хүртээх зэрэг ажил хийдэг.