“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад 800 гаруй төлөөлөгч оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-20 17:13:36

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор УИХ-ын Тамгын газар, НҮБ, “КОЙКА Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран “Бид эмэгтэйчүүд” чуулганыг энэ сарын 21-22-нд Төрийн ордонд зохион байгуулна.


Чуулга уулзалтад 21 аймаг, 9 дүүргийн ИТХ-ын 143 эмэгтэй төлөөлөгч, 330 сум 9 дүүргээс 660 төлөөлөгч, нийт 800 гаруй эмэгтэйчүүд  оролцох юм. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж үг хэлэхээс гадна БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, Японы тэргүүн хатагтай асан Абэ Акиэ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон УИХ-ын гишүүд мэндчилгээ дэвшүүлэх аж.


Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо”, ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “Орон нутгийн хүний эрхийн төлөв байдал”, Сүхбаатар аймгийн ИХТ-д 6 удаа сонгогдсон төлөөлөгч, Баруун-Урт хотын дарга асан М.Төмөрчулуун “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүд” сэдвээр тус тус илтгэл тавина. Хуралдаанд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн нөлөө, хүүхэд-гэр бүлийн бодлого, эрүүл мэнд, боловсрол, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт зэрэг сэдвээр салбар хэлэлцүүлгүүд болох юм.


Тухайлбал,  хүүхэд гэр бүлийн бодлогын талаарх салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхсайхан, эрүүл мэндийн бодлогын салбар хуралдааны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүн Д.Ганмаа, боловсролын бодлогын хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны гишүүн Б.Жаргалан нар удирдан чиглүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ