Филиппин Улсын Сенатын Ерөнхийлөгч Фрэнсис Эскудерод бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-05-21 11:36:42

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Филиппин Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Сенатын Ерөнхийлөгч Фрэнсис Эскудерод бараалхав.


Сенатын Ерөнхийлөгч Фрэнсис Эскудеро, Монгол Улсаас Гадаад харилцааны сайдын түвшинд ийнхүү анх удаа албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирж буйг дурдаад, хоёр орны харилцааны дараагийн хагас зуун жилийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулсан чухал ач холбогдолтой айлчлал болж байна хэмээн онцлов.


Сайд Б.Батцэцэг тус улсад парламентын сонгууль амжилттай зохион байгуулагдаж, ноён Фрэнсис Эскудеро Сенатын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд баяр хүргээд, түүнийг Филиппин, Монголын парламентын найрамдлын бүлгийн даргын хувьд хууль тогтоох байгууллагын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэн, талархал илэрхийллээ.


Филиппин, Монгол хоёр улс нь эдийн засгийн эрчимтэй өсөлтийн нөөц боломж ихтэй, залуу хүн амтай зэрэг нийтлэг давуу талдаа түшиглэн хиймэл оюун, финтек, цахим хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах, гарааны бизнесийг дэмжих, өргөжүүлэх өргөн боломжтой ажээ. Түүнчлэн хүйсийн тэгш байдал, хэвлэлийн эрх чөлөө, цахим орчны хууль, эрх зүйн орчны талаар санал солилцож, эдгээр чиглэлд хууль тогтоогчдын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, туршлага солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.


Сайд Б.Батцэцэг Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ын хүрээнд Засгийн газрын зорилго, үйл ажиллагааны талаар танилцуулаад цаашид хоёр орны парламент дахь найрамдлын бүлэг, байнгын хороодын хамтын ажиллагааг дэмжихийн зэрэгцээ залуу парламентын гишүүд, эмэгтэй парламентчидын харилцааг өргөжүүлж, туршлага солилцох байнгын механизмыг бүрдүүлэхийн чухлыг тэмдэглэв гэж ГХЯ-наас мэдээллээ.


 

Холбоотой мэдээ