Өнөөдөр нийслэлд бага зэрэг бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-25 09:36:41

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ЦУОШГ-аас Монгол орны цаг агаарын ойрын тав хоногийн урьдчилсан мэдээллийг гаргажээ.


Тус мэдээллээр, өнөөдөр Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, маргааш Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, энэ сарын 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо, 28-нд баруун, төвийн аймгуудын зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурах аж.


Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6, өдөртөө 15-20, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17, өдөртөө 28-33, бусад нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 22-27 хэм дулаан байна. Энэ сарын 28-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүсэхийг анхаарууллаа.


Өнөөдөр нийслэл хотод бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 24-26 хэм дулаан байхыг ЦУОШГ-гаас мэдээлэв.

Холбоотой мэдээ