Гэмт хэргээс бултах гэж жүжиглээд амиа алдсан хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-04 15:50:21

Өнгөрсөн сарын 24-ний өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байшин үйлдвэрлэлийн комбинатын замын урд талд, төв дулааны шугам орчмоос хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос олдсон тухай бид мэдээлсэн. Шатсан цогцсыг таниулах ажиллагаа явуулснаар иргэн Д-гийнх болохыг тогтоосон бөгөөд ар гэрийнхэн нь  түүний ажил явдлыг хийхээр болсноо цагдаа нарт дуулгажээ.

Гэтэл 4 хоногийн дараа Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг, Яармагийн гүүрэн дор оройн 20:00 цагийн орчимд толгойдоо сумны шархтай эр байсныг иргэд цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр ГССҮТ-д хүргэжээ. Тархиных нь сумыг мэс засал хийж авсан боловч эмчилгээгээ даалгүй нас баржээ. Хэргийн газрын үзлэгээр тайрсан “ГҮЗ-8” буу, хонгио олджээ. Нас барсан иргэн нь Баянгол дүүрэгт оршин суудаг, 41 настай Д гэгч байв. Дөрөв хоногийн зайтай гарсан дээрх хэргүүдийн мөрдөн байцаалтын явцад “хохирогч нар” нэг хүн байсныг олж тогтоожээ.  Уг хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж, иргэн Д нь 100 гаруй сая төгрөгийн залилангийн хэргээс зайлсхийх зорилгоор өөрийгөө нас барсан болгож харагдуулахаар хүний цогцос шатааж, эцэст нь өөрийгөө хөнөөсөн болохыг тогтоолоо. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж шатаасан цогцос хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байна. Хэрэг гарснаас 10 гаруй хоногийн турш шатсан цогцосны ар гэрийнхнээс холбоо барихгүй байгаа учир Д нь орон гэргүй хүнийг сонгож авсан байж магадгүй. Эсвэл нас бараад удаагүй хэн нэгний шарилыг ухаж гаргаж  шатаасан байх магадлалтай гэж мөрдөгчид үзэж байна. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ