УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-02 14:11:27

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовт бараалхлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улс, Туркменистан Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Туркменистаны Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй энэхүү анхны төрийн айлчлал нь түүхэн хэлхээ холбоотой ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлж, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


Тэрбээр Монгол Улсын Их Хурал болон Туркменистаны Межлис хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэж, цаашид Монгол, Туркменистаны найрамдлын бүлэг, Байнгын хороод, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар онцоллоо.


Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов хоёр талын харилцааны эрх зүйн үндэс бэхжиж буйг тодотгож, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн харилцаа холбоог гүнзгийрүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.


Талууд хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох чиглэлд болон олон улс бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 


Холбоотой мэдээ