Нөхөн үржихүйн цогц үйлчилгээний танхимтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-11-04 18:04:47

Төрөх насны эмэгтэйчүүд, тэр дундаа өсвөр үеийнхэнд нөхөн үржихүйн боловсрол олгох, үр хөндөлтийг аюулгүй хийх, эрсдлийг бууруулах, жирэмснээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Данида” төслийг Мари стопс олон улсын байгууллагаас Увс аймгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт төрөх насны эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх, аюулгүй үр хөндүүлэх орчин бүхий, стандартын багаж хэрэгслээр бүрэн тоноглогдсон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэх танхимыг 30 гаруй сая төгрөгөөр тохижуулж өгч, өчигдөр нээлтээ хийлээ.

Төрөх насны эмэгтэйчүүдийг жирэмснээс хамгаалах эм хэрэгслээр хангах, хүсээгүй жирэмслэлтийг зогсоох, хамгийн гол нь үр хөндүүлэх шаардлагатай болсон тохиолдолд эмийн аргаар үр хөндөлтийг хүний биед хор нөлөөгүй хийх, аюулгүй үйлчилгээ үзүүлэх боломжоор бүрэн хангагдсан уг танхимд орон тооны эмч, сувилагч, эх баригч ажиллах юм байна. “Данида” төсөл өнгөрсөн 8-р сараас Увс аймагт хэрэгжиж эхлэсэн бөгөөд нэг жилийн хугацаатай үргэлжлэх аж.

Баруун бүс нутагт нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг чанартай цогц байдлаар хүргэх, төрөх насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах, эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах, нийт хүн амд нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгоход тус төсөл бодитой хувь нэмэр оруулна хэмээн мэргэжлийн байгууллагынхан үзэж байна.

Б.Батхүү

Холбоотой мэдээ