Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ПАРИС, 2025 оны зургаадугаар сарын 4 /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны татвар ногдуулах шийдвэрээс үүдэлтэй нөлөөллийг харгалзан Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /ЭЗХАХБ/ энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.9 хувь болгон бууруулжээ.
ЭЗХАХБ-аас мягмар
гарагт гаргасан эдийн засгийн хэтийн төлөвийн тайланд тусгасан дээрх үзүүлэлтийг энэ оны гуравдугаар сард
танилцуулсантай харьцуулахад 0.2 пунктээр буурсан байна.
Тус байгууллагын мэдээлснээр, Д.Трамп тавдугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд зарласан татвар ногдуулах шийдвэрүүдэд үндэслэн дээрх тооцоог гаргажээ. Үүнд авто машин, ган, хөнгөн цагааны татвар, мөн дэлхийн улс орон, бүс нутгуудад 10 хувийн суурь татвар ногдуулах зэрэг шийдвэр багтсан байна.
Тус байгууллага АНУ-ын эдийн засаг энэ онд 1.6 хувиар өснө гэж таамаглаж буй нь өмнөх төсөөллөөс 0.6 пунктээр буурчээ. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 0.1 пунктээр бууруулж, 4.7 хувь болгосноос гадна Японыхыг 0.4 пунктээр бууруулж, 0.7 хувь болгосон бол Еврогийн бүсийнхийг 1 хувьд хэвээр үлдээсэн байна.
Хэрэв АНУ татвар тарифуудыг улам нэмэгдүүлбэл тус улсын худалдааны түншүүдийн зүгээс хариу арга хэмжээ авна гэдгийг тус байгууллага анхааруулж байна. Улмаар дэлхий даяар аж ахуйн нэгж, өрхийн зардал буурах эрсдэл үүснэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ.