Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, “Бан Ги Мүн” сангийн тэргүүн, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй ажиллаж байсныг өндөр үнэлдгээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.
Үүнийгээ одоо ч үргэлжлүүлж, цар хүрээг нь өргөтгөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025-Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Бан Ги Мүн, Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг манлайлал үзүүлж, чуулга уулзалт зохион байгуулж байгаад талархлаа. Бусад улс орон Монгол Улсын санаачилгыг дэмжиж, үлгэр дуурайл авч, улам идэвхтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Бан Ги Мүн” сан цаашид Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, иргэдийн эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудыг дэмжих зэрэг чиглэлээр хамтран ажиллана гэдгээ тэмдэглэв.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 180 сая төгрөг хандивлаж байгааг хэллээ. Цаашид үндэсний хөдөлгөөнийг бүс нутгийн хэмжээний хөдөлгөөн болгох санаачилга дэвшүүлж, хамтрахаа илэрхийлэв.

