ХОВД: Хөөмийн VI наадмыг наймдугаар сард зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-06-20 15:34:47

Жаргалант, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ховдынхон хөөмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор олон ажлыг санаачилж, хэрэгжүүлж буй.

Энэ удаа олон улсын хөөмийн VI наадмыг Ховд аймгийн төвд зохион байгуулахаар болжээ.

Наадам 2025 оны наймдугаар сарын 2-4-ний өдөр тусгай хөтөлбөрийн дагуу болно. Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг шинээр тодруулах зорилт дэвшүүлснээрээ онцлогтой.

Олон улсын хөөмийн VI наадам зохион байгуулах ажлын багийг томилсон бөгөөд наадмын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж, бэлтгэл хангаж байна.

Наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал, хөөмийн орчин үеийн үзүүлбэр зэргийг зохион байгуулахаар төлөвлөж буй.  

Ховд аймагт хөөмийн урлагийг түгээн дэлгэрүүлэгч, өвлөн уламжлагчид олон бий. Зарим иргэн Чандмань сумыг хөөмийн өлгий нутаг хэмээдэг.


Хөөмийг 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ. Мөн 2019 онд Ховд аймагт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж, монгол хөөмийг Гиннесийн номд бүртгүүлж байсан түүхтэй. 


Холбоотой мэдээ