Ерөнхий сайд Гашуунсухайт боомтын амьдрах нөхцлийг сайжруулахыг даалгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 06-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх Гашуунсухайт боомтын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус боомтод төрийн үйлчилгээ үзүүлдэг 130 гаруй хүн долоо хоногийн зургаад нь өдөрт 12 цагаар ажиллаж байна. Харин тэдэнд үйлчлэх эмч, хэв журам сахиулах цагдаа байдаггүй, ундны усаа 22 км-ийн цаанаас зөөж, цахилгаанаа хилийн цаанаас авдаг гээд нэлээн хүнд нөхцөлд амьдардаг ажээ. Өдөрт 100 тоннын даац бүхий 1000 орчим машиныг хилээр нэвтрүүлдэг бөгөөд нэг машин ойролцоогоор гурван өдөр дугаарлаж байж хил гардаг гэнэ. Мөн нүүрс, баяжмал ачсан машины цуваа заримдаа 30 км-тэй тэнцэхүйц урт дараалал үүсгэдэг ажээ. Тиймээс бүтээгдэхүүнээ энэ боомтоор гаргадаг "Оюутолгой", "Эрдэнэс-Тавантолгой", "Энержи ресурс" зэрэг компаниуд Гашуунсухайтын боомтыг долоо хоногийн долоо өдөрт 24 цагаар ажилладаг болгох талаар санал тавьдаг байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Энэ боомтоор нүүрс болон баяжмал гаргах нь чухал хэдий ч хамгийн гол нь энд хүн амьдардаг, нүүрсийг жолооч нар тээвэр хийдгийг мартжээ. Хилийн наана цаана, хэдхэн зуун метрийн зайд амьдрал, ажиллах орчин нь тэнгэр газар шиг ялгаатай байна. Боомтын ажилчдын амьдрах, ажиллах орчин болон жолооч нарын аюулгүй байдлын баталгааг хангаж дээрдүүлэхгүй бол арай дэндүү байна. Тэгж байж, дараа нь боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх талаар ярих хэрэгтэй" гэсэн юм. Ингээд Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат болон гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын газрын дарга нарт тодорхой үүрэг өглөө.
Д.Мишигсүрэн