Монгол төрийн "Мэргэн өвөө" Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “XX зууны монголын түүхэнд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Самбуугийн гүйцэтгэсэн үүрэг” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан" үндэсний музейд боллоо.
Монгол
Улсын Их хурал болон Засгийн газраас БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн
дарга Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан түүний алдар гавьяаг
мөнхжүүлэх зорилгоор тогтоол гаргаж, тодорхой ажлыг хийж байна. Энэхүү хурал нь эдийн засаг, нийгмийг
хөгжүүлэх олон улсын харилцааг бэхжүүлэх энх тайвныг сахин хамгаалах төрийн
албыг төлөвшүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, түүхийг олон нийтэд сурталчлан таниулах
зорилготой.
Монгол
Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нээж үг хэлэхдээ, “Ард олондоо Монгол төрийн "Мэргэн өвөө" хэмээн алдаршсан Ж.Самбуу нь төрийн албыг төлөвшүүлж, албаны дэг
жаягийг тогтоосон хүн төдийгүй зарчимч шударга, ард иргэддээ ээлтэй байж төр
барихад эгэл түмний зовлонг маш сайн ойлгодог байх хэрэгтэйг захисан байдаг. Тэрээр
ОХУ-ын Москва хотод есөн жил, БНАСУ-д хоёр жил Элчин сайдаар ажиллаж Монгол
төрийн алтан аргамжааг зангидаж явсан туршлагатай дипломатч, төрийн түшээгийн
өвийг бүтээсэн хүн байсан” хэмээн тодотгов.
ШУА-ийн гишүүн
бөгөөд Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч А.Бакей ярихдаа, "Энэ эрхэм нь төрийн
түшээгээс гадна жинхэнэ судлаач хүн байсан. Тэрээр мал аж ахуйн талаар нийтдээ
12 бүтээл туурвисан. “Мал аж ахуй дээрээ яаж ажиллах тухай ардад өгөх санамж,
сургааль” нэртэй 1944 онд туурвисан ном нь өдийг хүртэл ач холбогдолоо алдаагүй
байна. Бэлчээрийн
мал аж ахуй эрхлэх талаар бичсэн энэхүү номыг манай улсад төдийгүй Өвөрмонголын
малчид хүртэл ашиглаж байна” хэмээв.
Энэ үеэр "Ж.Самбуугийн амьдрал, ажил үйлс, онч үгс" сэдэвт монгол уран бичлэгийн үзэсгэлэн, эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, зураг баримт ном бүтээлийг дэлгэсэн "Өв сургамж" үзэсгэлэн болон “Баримт бичгийн эмхэтгэл” номын нээлт болов.