Мандах, Хатанбулаг сумыг төвийн эрчим хүчинд яаралтай холбох үүрэг өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2016-11-08 12:43:18

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Өмнөговь аймаг дахь томилолтоо өндөрлөснийхөө дараа энэ сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Мандах сумын “Цагаан суваргын” зэсийн орд газар болон Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн эрчим хүчээр холбох агаарын шугамын ажил байдалтай танилцлаа.

Тэрээр “21 дүгээр зуун гарчихаад байхад манай улсад байнгын эрчим хүчний сүлжээнд холбогдоогүй хоёр сум байна. Ойрын хугацаанд эдгээр сумыг төвийн эрчим хүчинд холбох ажлыг эрчимжүүлж, шийдвэрлэх хэрэгтэй” гээд энэ асуудлаар эрчим хүч хариуцсан холбогдох албаныхан болон энэ төслийг хэрэгжүүлж байгаа “МАК”-ын удирдлагуудад үүрэг, чиглэл өгсөн байна.

Цагаан суваргаас Хатанбулаг сум руу чиглэсэн 120 км-ийн 35 квт-ийн хүчин чадалтай агаарын шугамын барилгын ажлыг Багануурын “ЗӨБЦТС” төрийн өмчит компани дуусгаж хүлээлгэн өгсөн. Цагаан суваргаас Мандах сум хүртэлх эрчим хүчний агаарын шугамыг гүйцэтгэгч компани мөн л дуусгаж хүлээлгэн өгсөн бол одоо зөвхөн “МАК” ХХК-ийн Оюутолгойгоос Цагаа суварга руу чиглэсэн 220 квт-ын 160 км агаарын шугамын ажил хүлээгдэж байгаа ажээ. “МАК” ХХК нь тус сумын нутагт байх Цагаан суваргын зэсийн орд газрыг ашиглаж зэсийн баяжмалын томоохон үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар Цагаан суваргаас Оюутолгойн хооронд 70 гаруй км газарт агаарын шугам тавьсан бөгөөд бөгөөд үлдсэн газрын нүх ухаж, суурь ажлыг хийсэн төдийгүй ажлын гүйцэтгэл 47 орчим хувьтай байгаа  талаар тус компанийн удирдлагууд тайлбарлалаа. Одоо үлдсэн ажлыг цагаан сараас өмнө дуусгаж дээрх хоёр сумыг эрчим хүчинд холбох асуудлаар талууд ярилцжээ.

Цагаан суварга руу чиглэсэн 220 квт-ын цахилгаан дамжуулах шугамын угсралтын ажил нүсэр том, хугацаа их орох учир  эхний удаа 110 квт-ын трансформатор тавьж үүнээс дээрх хоёр сум руу эрчим хүч оруулах талаар албаныхан санал нэгдэхэд  Эрчим хүчний яам тусалж дэмжихээр болсон аж.

Ерөнхий сайдын уулзалтад УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, “МАК” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир  болон  албаны хүмүүс оролцжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ