ЗАВХАН: Нийт нутгаар зуншлага хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Завхан аймагт нийт нутгийн 60 орчим хувьд зуншлага хэвийн сайн, 40 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл аймгийн нийт нутгийн 59 хувь нь хүрэлцээтэй буюу нөөцтэй байна.
Бэлчээрийн 29 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 7 хувь нь олон дахин хэтэрсэн байна.
Дөрвөлжин сумын Буга, Сантмаргаз сумын Холбоо, Баянтэс сумын Жавхлан, Асгат сумын Хайрхан гэхчлэн 7 сумын 13 багийн нутагт бэлчээрийн даац хэтэрсэн байна.
Тосонцэнгэл Сумын Оргих, Их-Уул сумын Хонгор, Идэр сумын Мануустай, Алдархаан сумын Мандаат, Цагаанхайрхан сумын Баянбулаг, Цагаанчулуут сумын Арц гэхчлэн 5 сумын 9 багийн нутагт бэлчээрийн даац 1-2 дахин хэтэрсэн бусад сум багийн нутгаар хүрэлцээтэй буюу нөөцтэй гарсан байна.
Нийт нутгаар зуншлага сайн байгаа хэдий ч намар өвлийн бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутаг өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл эртнээс нөөцлөхийг зөвлөж байна.
Мөн отор нүүдэл хийх, малын тоог бууруулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, даатгалд хамруулах зэрэг үйл ажиллагааг эртнээс бэлтгэх шаардлагатай байгаа талаар Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.