Герман болон Их Британийн хооронд стратегийн гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-07-18 09:14:02

ЛОНДОН, 2025 оны долоодугаар сарын 18 /DW/. Герман, Их Британи улсууд Дэлхийн II дайн дууссанаас хойш 80 жилийн дараа найрамдал, хоёр талын хамтын ажиллагааны тухай стратегийн гэрээ байгууллаа. Германы Канцлер Фридрих Мерц, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар уг гэрээнд пүрэв гарагт Лондон хотноо гарын үсэг зуржээ. 


"Бид батлан хамгаалах, гадаад бодлого, мөн эдийн засаг болон дотоод бодлогын салбарт илүү нягт хамтран ажиллахыг зорьж байна" гэж Ф.Мерц онцлон тэмдэглэсэн байна. 


К.Стармер Францын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой өнгөрсөн долоо хоногт уулзсан юм. Гадаад бодлого, аюулгүй байдлын салбар дахь Их Британи, Герман, Франц хоорондын хамтын ажиллагааны албан бус механизм болох "E3"-ийн хүрээнд талуудын харилцаа улам ойртож эхэллээ гэж “Reuters” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Ингэснээр Герман улс цөмийн зэвсэгтэй хоёр гүрний дэмжлэгт найдах боломжтой болсноор Европын цөмийн тогтоон барих чадавхыг АНУ-д найдахгүйгээр бэхжүүлэх боломжтой болж байна гэж “Politico” сонинд бичсэн байна.  


Үүнээс гадна НАТО-гийн хойд, зүүн жигүүрт тогтоон барих болон батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх ёстой. Эцэст нь талууд зэвсэглэлийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна. Герман, Их Британийн эрх баригчид 2000 орчим км-ийн тусгалтай пуужин бүтээхэд хамтран ажиллахаар төлөвлөж байгаагаа тавдугаар сард мэдэгдсэн юм.


Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Их Британийн тал хууль бус цагаачлалтай тэмцэхэд Германы дэмжлэгийг авна гэж найдаж байна. Герман улс "хууль бус цагаачдыг Ла-Маншийн хоолойгоор тээвэрлэж буй явдлыг" зогсоохын тулд хууль тогтоомждоо нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ.


Герман улс мөн агаарын тээврээр зорчин ирж буй Их Британийн зарим иргэнийг тусгай цахим самбарт паспортын хяналт хийлгэхийг зөвшөөрсөн байна. Энэ журам нь Герман руу тогтмол зорчдог Их Британийн иргэдэд хамаарна. Харин Их Британийн бүх иргэн энэ боломжийг ашиглах боломжтой болохын тулд Герман улс Европын Холбооны стандартад нийцүүлэн хил нэвтрэх, гарах (EES) системийнхээ удааширсан шинэчлэлийг дуусгах шаардлагатай юм.


Герман, Их Британи улсын батлан хамгаалахын салбарын гэрээ хэлэлцээрийн үндэс суурийг 2024 оны зун тухайн үед Германы Канцлер байсан Олаф Шольц болон К.Стармер нар энх тайван, аюулгүй байдал болон эдийн засгийн салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар тавьсан юм. Үүний дараа 18 удаагийн хэлэлцээний явцад гэрээний заалтуудыг эцэслэн боловсруулжээ.

Холбоотой мэдээ