Сэлэнгэ аймагт гарсан ойн гурван түймрийг цурамд оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-21 12:05:02

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн 11:00 цагийн байдлаар 15 ой, хээрийн түймрээс гурвыг цурамд оруулж, 12 нь унтраахаар ажиллаж байна.


Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Хар горхи”, Ерөө сумын “Агуйт”, “Наран” гэдэг газар гарсан гурван ойн түймрийг цурамд оруулсан аж.


Харин Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд тав, Ерөө суманд дөрөв, Мандал суманд гарсан гурван түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагын 197 алба хаагч, 13 автомашин, мэргэжлийн ангийн 177 хүн үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн орон нутгийн иргэдээс 10 автомашинтай 374 хүний бүрэлдэхүүнтэй баг түймэр унтраах ажилд оролцож байгаа аж.


Он гарсаар өнөөдрийн байдлаар 13 аймгийн 70 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 194 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ойн түймэр тав, хээрийн түймэр 1.2 дахин буюу ой, хээрийн түймэр 54 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

 

Холбоотой мэдээ