ЗАВХАН: Сүүлийн таван жилийн дотор нуур, тойрмын эзлэх талбай 509 га-гаар багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-21 15:40:40

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар багассан байна гэж Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 


Завхан аймаг нь Монгол Улсын нийт гадаргын усны нөөцийн 0.12 хувь, хөрсний усны 0.16 хувийг бүрдүүлж байна.


Завхан аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлдэг.


Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг.

Эдгээрээс онцолбол, Завхан голын усны түвшин 2024 онд 409.2 см байсан бол энэ жил 3.6 см-ээр багасжээ. Голын усны түвшин 2022 оны зун хамгийн их түвшин нь 417 см, хамгийн бага түвшин нь 402 см байсан бол өнгөрсөн жилийн 2-р сард 409.2 см болж тэмдэглэгдсэн тухай Ус цаг уур орчин шинжилгээний төвийн судалгаанд өгүүлжээ.


Завхан гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжина. Отгонтэнгэрийн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр гол нийлэн Завхан гол болдог байна.


Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн мөрний хурдас нь тогтсон хэдэн арван нуур байх (хамгийн том нь Хөх нуур) ба өөр хоорондоо гол горхиор холбогдсон эдгээр нуурууд нь илүүдэл усаа Завхан голд цутгана. Завхан гол нь Хангайн нуруунаас салаад өмнө зүгийг орхиж баруун хойш Их нууруудын хотгорыг чиглэн урсана.


Завхан голын нийт урт 800 гаруй км юм. Тайшир сум хүртэл эхний хэсэгт голдирлын өргөн 30-60 м, усны гүн 0.6-25 м, урсгалын хурд 1-1.5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар голдирол нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн голдирлыг ялгахад бэрх. Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал Шурагийн гол нийлнэ. Богд голын цутгалаас доош голдирол 100-350 м хүртэл өргөсөн задгайрч, усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0.7-1,2 м/сек байна. 

Завхан гол

Холбоотой мэдээ