Одон орны ховор үзэгдэл 2027 онд тохионо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны долоодугаар сарын 24 /Dailygalaxy/. XXI зууны одон орны хамгийн ховор үзэгдлүүдийн нэг нь 2027 оны наймдугаар сарын 2-нд тохионо. Энэ өдөр Нар бүтэн хиртэх бөгөөд хиртэлт 6 минут 22 секунд үргэлжилнэ. “Хойд Африкийн их хиртэлт" хэмээн нэрлээд буй энэ үзэгдэл 2009-2114 оны хоорондох бүтэн хиртэлтүүдээс хамгийн удаан үргэлжлэх юм.
Нар хиртэлт Европын өмнөд хэсэг, Хойд Африк, Ойрх Дорнодоос харагдах бөгөөд ажиглагчид хамгийн удаан үргэлжлэх хиртэлтийг Египетийн Луксор хотод харах боломжтой. Хиртэлт хамгийн түрүүнд Атлантын далайн хойд хэсэгт ажиглагдах бол дараа нь Испанийн өмнөд нутаг, Гибралтар, Марокко, Алжир, Тунис, Ливи, Египет, Саудын Араб, Йемен улсуудад, хамгийн сүүлд Энэтхэгийн далайд харагдах ажээ. Уг үзэгдлийг нийт 89 сая орчим хүн ажиглах боломжтой.
Египетийн Луксор хотод бүтэн хиртэлт 6 минут 20 секунд үргэлжлэх бол Тунисийн Сфакс хотод 5 минут 41 секунд, Испанийн Кадис, Тарифа хотуудад 4 минут 39 секунд үргэлжилнэ.
Хиртэлт ийм удаан үргэлжилж байгаагийн шалтгаан нь тухайн үед Сар Дэлхийтэй хамгийн ойрхон байх бөгөөд уг үзэгдэл экваторын ойролцоо болох тул Сарны сүүдэр дэлхийн гадаргууг илүү өргөн хүрээнд хамарч буйтай холбоотой.