АНУ, Хятадын худалдааны хэлэлцээ эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-07-29 09:26:52

СТОКХОЛМ, 2025 оны долоодугаар сарын 29 /NHK/. АНУ, БНХАУ-ын өндөр албан тушаалтнууд Шведийн нийслэл Стокхолм хотноо худалдааны хэлэлцээ хийж эхэлжээ.


Хэлэлцээ даваа гарагт эхэлсэн тухай Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээллээ. Хэлэлцээнд АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Хятадын Төрийн зөвлөлийн Шадар сайд Хэ Лифэн нар оролцож байна.


АНУ, Хятадын талууд харилцан ногдуулсан нэмэлт татварыг бодитойгоор бууруулах, 24 хувийн татвар ногдуулах хугацааг 90 хоногоор хойшлуулах тохиролцоонд энэ оны тавдугаар сард хүрснээсээ хойш хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байгаа юм.


Хоёр улс өнгөрсөн сард газрын ховор элементийн экспортод тавьсан хязгаарлалтыг сулруулах зэрэг арга хэмжээнүүдийг авахаар тохиролцсон баримт бичигт гарын үсэг зурсан билээ.


Өнгөрсөн лхагва гарагт Bloomberg телевизид ярилцлага өгөхдөө сайд С.Бессент "АНУ-аас Хятад руу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг өргөжүүлэх нь гол асуудлын нэг" гэжээ. Худалдааны алдагдлаа бууруулахыг эрмэлзэж буй АНУ-ын тал Хятадаас зах зээлээ нээхийг шаардах бололтой байна.


Харин Хятад улс Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас татварын арга хэмжээг цуцлахыг шаардаж магадгүй байна. АНУ, Хятад улс 24 хувийн татварыг түр зогсоох эцсийн хугацааг наймдугаар сарын 12-ны өдрөөр товлосон юм. Харин Трампын засаг захиргаа энэ хугацааг дахин 90 хоногоор сунгаж магадгүй гэж С.Бессент хэлжээ. Уг хугацааг сунгах асуудлыг худалдааны хэлэлцээний үеэр хэлэлцэх төлөвтэй байна.



Холбоотой мэдээ