Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр, Мандал сум ойн түймэртэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-30 17:21:36

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ойн 11 түймэртэй  байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.


Үүнд, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нэг, Хүдэр суманд гурав, нийт дөрвөн гал түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Мөн Хүдэр суманд дөрөв, Ерөө суманд хоёр, Мандал суманд нэг буюу долоон ойн гал түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна. Түймрийг унтраахад ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 315 алба хаагч,  есөн авто машин, мэргэжлийн ангийн 66 хүн, 15 авто машин нийт 381 хүн, 24 авто машин, 18 морьтой үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Мөн ОБЕГ, Үндэсний аврах бригад, “Жаргалант” сэргээн засах төв-113 дугаар анги, НОБГ-ын эмч, сувилагч нар түймрийн голомтод ажиллаж байгаа алба хаагчдад эрүүл, мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Он гарсаар улсын хэмжээнд 208 түймэр бүртгэж, долоодугаар сард  Булган, Баян-Өлгий, Дорнод, Төв, Хэнтий, Сэлэнгэ, аймагт нийт 63 ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэнээс 51 ой, хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ. 


Холбоотой мэдээ