Нийт хүүхдийн 60 хувь нь хоёр жилийн дараа мөнгөө авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, “МАН бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг олгохоор боллоо гэж нэр бүхий гишүүн олон нийтийн сүлжээнд жиргэсэн. Гэтэл асуудал хуучнаар туссан байна. Ер нь бол хүүхдийн мөнгө гэж байхгүй болж байгаа юм байна.Тодорхой хүүхдэд өгөх хүүхдийн тэтгэмж гэж бий болсон гэж ойлголоо. Хоёр жилийн дараа энэ мөнгийг авах хүүхэд ямар ханшаар хэдэн төгрөг авах вэ. Энэ нь юунд хүрэх вэ” гэсэн асуудлыг тодруулсан.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар эл асуултад, “Хүний хөгжил сангийн тухай хуулийг 2016 оны 2 дугаар сарын 5-нд хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр ямар нэг байдлаар хүүхдийн мөнгийг өгөх болж таарч байгаа юм. Тиймээс Нийгмийн халамжийн тухай хуулиар энэ мөнгийг өгөхөөр болсон. Бүх хүүхдэд мөнгийг өгнө. Гэхдээ 40 хувьд нь бэлнээр, 60 хувьд нь хадгаламж хэлбэрээр олгоно” гэсэн тайлбар хийлээ.
Асуулт асуух өөр гишүүн гараагүй тул ирэх оны төсөв, түүнийг дагалдсан хуулиудыг батлах санал хураалт явуулахад олонх дэмжлээ.
Б.Туул