Мумбайд улаан өнгийн түгшүүр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2025-08-21 09:54:23

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны наймдугаар сарын 21 /AP/. Мумбай хотод хүчтэй аадар бороо орсонтой холбогдуулан Энэтхэгийн Цаг уурын алба лхагва гарагт тус хотод аюулаас сэрэмжлүүлэх улаан түвшний түгшүүр зарласан байна. 


Агаарын тээврийн компаниуд зорчигчдод зориулсан зөвлөмж гаргаж, хотоос явах болон ирэх нислэгүүд саатаж байгааг анхааруулсан байна. Мягмар гарагт орсон хүчтэй аадар борооны улмаас Энэтхэгийн санхүүгийн төв зогсонги байдалд орж, Мумбай хотын захын төмөр замын сүлжээ тасалдаж, хотын эргэн тойрны газрууд усанд автаж, тав дахь өдрөө дараалан орсон аадар борооны дараа хүмүүс үерт автсан гудамжаар ус туулан явахад хүрчээ.


NDTV телевизийн мэдээлснээр, аадар борооны улмаас зургаан хүн амиа алдсан байна. Цаг уурын албаны мэдээллээр, хотын зарим хэсэгт мягмар гаргийн өглөөний 8:30 цагаас лхагва гаргийн 8:00 цагийн хооронд 200 мм хур тунадас унажээ. Түүнчлэн Мумбайгаас 80 км зайд орших Матеран хотод 382.5 мм хур тунадас унасан байна. 


Мягмар гаргийн орой ачаалал ихтэй Монорэйлийн хоёр галт тэрэг цахилгаан болон агааржуулалтын систем нь доголдсоны улмаас буудлуудын хооронд гацсаны дараа 782 зорчигчийг аварсан байна. Мумбайн Курла дүүрэгт зорчигчид бэлхүүсээр давсан гүн уснаас гарахын тулд автобусны дээвэр дээр гарч байлаа.



Холбоотой мэдээ