Судлаачид идэвхтэй ажилласнаар салбартаа боломжуудыг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай уулзаж, тус салбарт эдийн засгийн эрх чөлөөг бий болгох талаар ярилцав.
Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд үйлдвэрлэхэд бэлэн болсон 55 төсөл байна. Эдгээрт малын вакцин, эм бэлдмэл, оношлуур зэрэг багтаж байгаа бөгөөд чанарын баталгаа, үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс давуу талтайг уулзалтын үеэр танилцууллаа.
Эрдэмтдийн оюуны бүтээлд инновац шингээж, материаллаг баялаг бүтээхэд тулгарч буй бэрхшээлийг шийдэх талаар Тэргүүн шадар сайд "Хуульд малын эм бэлдмэл үйлдвэрлэхэд хэт өндөр стандарт тусгасныг эргэж харах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дотоодын аж ахуйн нэгж, гарааны бизнес эрхлэгчдийг боомилж буй хуулийн заалтуудыг өөрчлөх, судлаачид шинжлэх ухааны бүтээлээс олсон орлогыг судалгаандаа буцааж зарцуулдаг систем нэвтрүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжсэн эдийн засгийн эрх чөлөөг хангах хууль батлуулах шаардлагатай"-г танилцуулсан юм.
Тэрбээр таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхэд мал эмнэлгийн эрдэм шинжилгээний судлаачид санал оруулж идэвхтэй ажиллах нь хөгжлийн дунд, урт хугацаанд шинжлэх ухааны салбар түүчээлэх боломжийг нээнэ гэдгийг онцолж байв.
Мал аж ахуй нь ДНБ-ний 10 гаруй хувийг эзэлдэг, монгол хүн эрүүл хүнс хэрэглэх эрүүл амьдрах үндэс болсон стратегийн чухал салбар билээ.