ӨМНӨГОВЬ: Их цагааны элс дүнгэнэж, Бага цагааны элс исгэрдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-08-26 10:40:35

Даланзадгад, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн нутагт Хаяа гурван бөгтий буюу нутгийнхны хэлж заншсанаар Хаяагийн элс хэмээх говийн үзэсгэлэнт манхан бий. Хаяагийн элсэн манхан нь Их цагаан, Бага цагаан, Нүдүүр хэмээх гурван элсэн манхнаас тогтдог бөгөөд Даланзадгад сумаас баруун урагш 140 км-т оршдог. 

Салхи гарах юм уу элсийг нь хөдөлгөхөд Их цагааны элс дүнгэнэж, Бага цагааны элс исгэрдэг бол Нүдүүрийнх юм нүдэж буй мэт чимээ гаргадаг байгалийн өвөрмөц сонин тогтоцтой. Элсэн манхны орчмоор заг, тооройн төгөл болон говийн ховор мод ургамал ургадаг тул алдарт Хонгорын элснээс ч үзэсгэлэнтэй хэмээн аялагчид ярилцдаг билээ.


Манхны баруун өмнөд хэсэгт Олгой нуур хэмээх багавтар задгай нуурын шал байдаг. Нэг манхны оргил дээрээс нөгөө хоёр манхны харахад оргилууд нь хаяа дэрлэн оршдогийг анзаарч болно.  





Холбоотой мэдээ