Алдарт Винус Уильямс эхний тойрогт хожигджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
НЬЮ-ЙОРК, 2025 оны наймдугаар сарын 26. /ТАСС/. Нью-Йорк хотноо эхэлсэн АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний /US Open/ эхний тойрогт Америкийн нэрт теннисчин Винус Уильямс Чехийн тамирчин Каролина Муховад хожигджээ.
Тэмцээний чансааны 11 дүгээрт
бичигдсэн Мухова wild card гэдэг тусгай урилгаар оролцож буй Уильямсыг 6:3,
2:6. 6:1 харьцаагаар хожсон байна.
2024 оны гуравдугаар сараас хойш
талбайд гараагүй байсан В.Уильямс теннист буцаж ирснийхээ дараа долоодугаар
сард болсон Вашингтоны тэмцээний ганцаарчилсан төрөлд эх орон нэгт Питон
Стирнсийг хожсон Цинциннатигийн тэмцээний эхний тойрогт Испанийн теннисчин Жессика
Бузас Манейрод хожигджээ.
Өдгөө 45 настай Уильямс нэг хэсэг
үе дэлхийн чансааг тэргүүлж байсан бөгөөд Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/
ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 49 удаа, хосын төрөлд 22
удаа /Их дуулгад 14 удаа/ түрүүлж байв. Мөн 2000 онд ганцаарчилсан төрлөөр,
2000, 2008, 2012 онуудад хосын төрөлд гурван удаа Олимпын аварга болжээ.
Өдгөө 29 настай Каролина Мухова WTA-гийн
чансааны 13 дугаарт бичигдэж байгаа бөгөөд тус холбооны ивээл дор болдог нэг
тэмцээнд түрүүлсэн байна. Тэрбээр 2023 оны Францын Нээлттэй тэмцээний финалд,
2021 оны Австралийн Нээлттэй тэмцээн, 2023, 2024 онуудын АНУ-ын Нээлттэй
тэмцээний хагас шигшээд тус тус шалгарч байв.
US Open бол Их дуулгын улирлын
хамгийн сүүлчийн 4 дэх тэмцээн юм. Хатуу хучилттай талбайд болдог тус тэмцээний
шагналын сан нь теннисний спортод хамгийн өндөр буюу 90 сая доллар ажээ.
Өнгөрсөн оны тэмцээний аварга бол
дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусийн А.Соболенко юм.