Т.Свифт, Т.Келс нар сүй тавьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-27 09:28:26

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 27 /AP/. Америкийн супер од дуучин Тейлор Свифт, америк хөл бөмбөгийн тамирчин Тревис Келс нар сүй тавьсан тухайгаа мягмар гарагт зарлажээ. 


Олон сая хүний анхаарлын төвд байсан тэд хоёр жил үерхсэний эцэст хуримаа хийхээр төлөвлөж байгаагаа “Instagram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Ингэхдээ зургуудынхаа тайлбарт “англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр чинь гэрлэх гэж байна” хэмээн бичээд, динамитын зураг бүхий эможитойгоор нийтэлжээ.


Т.Свифт ирэх 10 дугаар сард The Life of a Showgirl” хэмээх нэртэй дараагийн шинэ цомгоо гаргах гэж буйгаа зарласнаасаа хойш хэдхэн долоо хоногийн дараа дээрх мэдэгдлийг хийж байна. Танилцах үедээ америк хөл бөмбөгийн үндэсний лигийн /NFL/ од гэдгээрээ хэдийнээ алдартай болсон Т.Келсийн нэр хүнд Т.Свифтийн дэлхийд танигдсан алдар нэрийн ачаар улам өсөж, тэдний харилцааны талаар дэлхий даяар шуугиж байв.


Т.Келс дэлхийн өнцөг булан бүрд болдог Т.Свифтийн тоглолтод байнга очдогийг дуучин бүсгүйн шүтэн бишрэгчид сайшааж байсан бол Т.Келсийн  Канзас Сити Чифс” багийн тоглолтыг үзэж буй Т.Свифтийн дүрс бичлэгүүд нь АНУ болон дэлхийн өнцөг булан бүр дэх америк хөл бөмбөгийн фанатуудын хувьд хэвийн үзэгдэл болжээ.


Т.Келсийн эцэг эхийн хувьд ирээдүйн бэрдээ сэтгэл хангалуун байгаагаа хэдхэн хоногийн өмнө илэрхийлсэн байна. Өнгөрсөн ням гарагт түүний аав Эд Келс хэлэхдээ “Тэр түүнд маш сайн. Би үүнд огтхон ч эргэлзэхгүй байна. Тэд бол хоёр биедээ үнэхээр сайхан тохирсон хос” хэмээн ярьжээ. “Elle” сэтгүүлд бичсэнээр, Т.Свифтийн эцэг эх ч мөн ирээдүйн хүргэн Т.Келст тун сайн ханддаг гэнэ.

 


Холбоотой мэдээ