Шинэ 30 сургагч багш бэлтгэж, хүүхэд залуусын дуу хоолойг түгээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн Зөвлөлийн 700 гаруй гишүүн НҮБ-ын Хүүхдийн Сангаас зохион байгуулсан “Хүүхэд, залуучуудын нөлөөллийн сургалтад” хамрагдлаа.
Сургалтаар оролцогчид нөлөөллийн ажил гэж юу болох, стратеги боловсруулах арга зам, өөрсдийн чухалчилсан асуудлаар хэрхэн үр дүнтэй нөлөөллийн ажил хийх талаар мэдлэг, ур чадвар эзэмшсэн байна.
Энэ хүрээнд 30 залуу сургагч багш бэлтгэсэн нь цаашид илүү олон хүүхдэд нөлөөллийн мэдлэгийг түгээх боломжийг нээж байгаа юм. Мөн улс орон даяар сургасан хүүхэд, залуусыг нөлөөллийн ажлын төслийн уралдаанд хамруулж, шалгарсан төслийг бодит ажил болгон хэрэгжүүлэх нөхцөл бүрджээ.
НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын Скаутын холбоо хамтран хүүхэд, залуусын нөлөөллийн ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.