Сандэй төвийн түрээслэгчид ажлаа хийх санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 13:24:28

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай "Сандэй Плаза" ХХК-ийн “Сандэй” худалдааны төвийн зоорийн давхарт буюу B1 давхарт амралтын өдөр гал гарсан тул үйл ажиллагааг зогсоосон байна.

Тус худалдааны төвийн түрээслэгчид өнөө өглөө цуглан, үйл ажиллагаагаа яаралтай эхлүүлэх хүсэлт гарган  гарын үсэг цуглуулж эхэлжээ.Зоорийн давхраас дээш гал тархаагүй учир гэмтэл үүсээгүй давхруудын лангуу түрээслэгчид худалдаагаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсч байгаа юм.

Эдийн засгийн хямралтай байгаа үед бид цаг хугацаа алдаж, ингэж хаалттай баймааргүй байна. Худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, асуудлыг хурдан шийдье. Иргэд ч гэсэн худалдаа хийхээр зорьж ирсээр байна. Тиймээс гал гарсан хэсгийг яаралтай цэвэрлэж, хохирлыг тооцож, бусад давхрын үйл ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй байна” гэж тэд ярилаа. Гал гарсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж  байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ