Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборт гадаадын 100 гаруй хүүхэд амарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ зун ОХУ, БНСУ, БНХАУ, БНСВУ, АНУ, Япон, Сингапур зэрэг улс орноос 100 гаруй хүүхэд хүлээн авсан байна.
Тус зуслан энэ оны зургаадугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 24 хүртэлх хугацаанд зуны ээлжиндээ нийт 6000 гаруй хүүхэд хүлээн авч амраажээ. Ингэхдээ энэ зун амарсан хүүхдүүдэдээ зориулж, 28 нэр төрлийн төсөлт хөтөлбөр хэрэгжүүлжээ. Уламжлалт урлаг, спортын төсөлт хөтөлбөрөөс гадна энэ зун шинээр керамик урлал, цаасан нугалбар, лего ровотын төсөлт хөтөлбөрүүдийг нэмсэн байна.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн 1974 оны тогтоолоор Хүүхдийн төлөө фондын төв комисс байгуулж, олон улсын хүүхдийн "Найрамдал" зусланг 1978 онд байгуулсан. Тус зуслан нэг ээлжиндээ анх 240 хүүхэд хүлээн авч, сурагчдын дунд соёл урлаг, спортын үйл ажиллагаа зохион байгуулж байв. Харин 1981 онд төв байр, сургууль, ажилчдын орон сууцны байр зэрэг өвөл ажиллах барилга байгууламжийг ашиглалтад оруулснаар зуны ээлжинд 500, өвлийн улиралд 240 хүүхэд хүлээн авч, үйл ажиллагаагаа өргөтгөж иржээ.