К.Алькарас US Open-д түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-09-08 10:48:02

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 8 /AFP/. Испанийн теннисчин Карлос Алькарас ням гарагт Италийн тамирчин Янник Синнерийг буулган авснаар АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээнд түрүүллээ. 


Өдгөө 22 настай К.Алькарас финалын тоглолтод 6-2, 3-6, 6-1, 6-4-ийн харьцаагаар хожсоноор тус тэмцээнд хоёр дахь удаагаа аваргалж, Их дуулга”-ын зургаа дахь цомоо өргөжээ. Түүнчлэн долоодугаар сард Уимблдоны финалд Я.Синнерт ялагдсаныхаа хариуг авсан байна.


Энэ бол гайхалтай мэдрэмж. Би энэхүү цомыг өргөхийн тулд маш шаргуу бэлтгэл сургуулилалт хийсэн. Энэ бол миний хоёр дахь цом, мөрөөдөл минь биелсээр байна гэж К.Алькарас ярилаа. Даваа гарагт тэрбээр 2023 оны есдүгээр сараас хойш дэлхийн чансааг тэргүүлж буй Я.Синнерийг ардаа орхиж тэргүүн байранд дахин бичигдэнэ.


Энэ оны зургаадугаар сард болсон Францын Нээлттэй тэмцээний финалд Я.Синнерийг ялсан К.Алькарас хэлэхдээ “Нэгдүгээр байранд эргэн бичигдэх нь миний өмнөө тавьсан гол зорилго байсан гэлээ. Тэрбээр сүүлийн найман тоглолтын долоод нь хожсон бөгөөд нийлбэр дүнгээр 10-5-ын харьцаагаар Синнерийг илүүрхэж байна.


Би өнөөдөр хамгийн сайн тоглолтоо үзүүлсэн. Үүнээс илүү байж чадахгүй байх. Түүний хувьд өнөөдөр бүх зүйл дээр надаас арай илүү байгаа юм шиг санагдсан. Тэрбээр чухал үед сайн тоглож чадлаа. Тэр өнөөдөр надаас илүү тоглосон. Миний хувьд өөрчлөгдөж чадах эсэх нь өөрөөс минь шалтгаална. Цаашид илүү сайн теннисчин болохын төлөө хичээх болно” гэж Я.Синнер ярьжээ.


Рожер Федерер 2004-2008 онд тав дараалан түрүүлснээс хойш АНУ-ын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээний цомыг хэн ч дараалан хүртээгүй юм. К.Алькарас, Я.Синнер нарын “Их дуулга-ын финалд гурав дахь удаагаа дараалан шалгарсан тоглолтыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзсэн нь олны анхаарлыг ихэд татлаа.



Холбоотой мэдээ