Тариалан эрхлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргадаг байхыг Засгийн газраас хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-08 17:55:08

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Сант суманд эрдэнэ шишийн тариалалт эрхэлдэг “Анар Од” компанийн үйл ажиллагаатай танилцав.


“Анар Од” ХХК хоёр жилийн өмнөөс тариалалтаа эхлүүлжээ. Жилд 15-25 мянган тонн саалийн үнээний фермд зориулсан ногоон дарш болон малын тэжээл үйлдвэрлэдэг. Хураан авсан ургацаа талбай дээрээ шууд баяжуулж, шуудайлан малчид, фермерүүдэд нийлүүлж байна. Ургацын талбай дээрээ баяжуулж, савласнаар хэрэглэгчдэд тээврийн зардалгүй, үнэ хямд тэжээл очих боломж бүрджээ.


Өнөөдрийн байдлаар 1 тн тэжээлийг 1 сая төгрөг, 1 тн ногоон даршийг 550 мянган төгрөгөөр нийлүүлж байна. Тус компани 550 га талбайд тариалалт эрхэлж байна. Цаашид талбайгаа тэлж 3000 га-д хүргэж, эрдэнэ шишээс гадна цагаан будаа, шар буурцаг, вандуй, царгас тариалах хүсэлтэй гэдгээ илэрхийллээ.


Тариалан эрхлэхэд хөнгөлөлттэй зээлд хамруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зэрэг бодлогын дэмжлэгээс гадна худгийн зөвшөөрөл олгохоос авахуулаад жижиг гэлтгүй шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргаж өгөх нь чухал байгааг компанийнхан хэллээ.



Холбоотой мэдээ