Батлан хамгаалахын салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 15:41:18

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайд Д.Батлут БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ сарын 8-10-нд “Геополитикийн сорилтыг даван туулах: Хамтын ажиллагаагаар энх тайвныг цогцлоох нь” сэдвээр зохион байгуулсан “Сөүлийн батлан хамгаалахын яриа хэлэлцээ”-нд оролцлоо.


БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэк дээрх яриа хэлэлцээний ач холбогдлыг тайлбарласан бол БНСУ, Филиппин, Хорват Улс болон НАТО-гийн төлөөлөл “Геополитикийн өрсөлдөөнийг бууруулж, стратегийн тогтвортой байдлыг сэргээх” нь сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэг нь дэлхийн геополитикийн тогтворгүй байдал гүнзгийрч буй энэ үед улс орон бүр батлан хамгаалах үйлдвэрлэл, дэвшилтэт технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж, орчин үеийн үр дүнтэй зэвсэгт хүчнийг бий болгох зорилгын дор нэгдсэнийг онцоллоо. Түүнчлэн кибер аюул занал, ташаа мэдээлэл зэрэгт хариу арга хэмжээ авахын тулд улс орнууд мэдээлэл солилцоо, харилцан ажиллагаагаа сайжруулах, энэ салбарт хиймэл оюун, дрон, агаарын хамгаалалтын систем зэрэг технологийн чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгаад талууд санал нэгдэв.


Хэлэлцүүлгийн дараа БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ан Гью Бэк, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг хүлээн авч уулзан, хоёр улсын төрийн тэргүүн нарын тогтоосон “Стратегийн түншлэл"-ийн харилцаанд тулгуурлан батлан хамгаалах салбарт өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлэлцээг тогтмолжуулах, хээрийн хамтарсан сургууль зохион байгуулах, боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн аюул байдлын талаар ярилцлаа. Мөн, батлан хамгаалах салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ.


Тус форумд таван орны Батлан хамгаалахын сайд, найман орны Батлан хамгаалахын дэд сайд, НАТО-гийн Цэргийн хорооны дарга зэрэг төлөөлөгч болон 68 улс, олон улсын байгууллагын 1000 гаруй төлөөлөл хүрэлцэн иржээ. 

Холбоотой мэдээ