Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-15 09:09:07

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд Говийн Их Дархан цаазат газрын “А” хэсгийн Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах Сүүж булгийн баян бүрдэд өнгөрсөн баасан гарагт 70 кг жинтэй эвш, 25 кг жинтэй бамбаруушийг барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүлээ.


Энэ хүзүүвч нь байршлын мэдээлэл дамжуулахаас гадна өөр дээрээ бичлэг хийдэг онцлогтой. Тухайн зүйл амьтны шилжилт хөдөлгөөн, идэш тэжээл, амьдрах орчны сонголт зэрэг биологи, экологийн онцлогийг судлахад ач холбогдолтой юм. БОУАӨЯ-ны санхүүжилтээр хийж буй энэ ажлыг Монголын ховор амьтан, ургамал хамгаалах мазаалай нийгэмлэг ТББ, Австрали улсад төвтэй MongoliaAid International Inc байгууллага, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран хэрэгжүүлж байна.


Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Түүнийг 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоожээ.


Оросын эрдэмтэд мазаалайг баавгайг бие даасан зүйл гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байдаг. Баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэдэг. АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1953 онд мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон. “Улаан ном” -д бүртгэгдсэн мазаалай 1960-аад онд 15-20 толгой, 1970-аад онд 20 гаруй, 1980-аад оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 байсан бол 1990 оны эхээр 30 гаруй болж, харин өнгөрсөн оны мэдээллээр 50 орчим тоо толгой бий гэсэн статистик гаргажээ.




Сүүлийн үед мазаалайн тоо толгойг тогтоохдоо илүү дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тодруулбал, үсний дээж, ДНХ-ийн шинжилгээгээр бодгалийг ялгаж тоолох судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийлгэжээ.


Мазаалай нь хүрэн баавгайтай төстэй, 2-3 жилд нэг удаа төллөн, 1-2 ихэр зулзага гаргадаг. Мазаалайн алманцаг хоёр нас хүртлээ эхийгээ дагадаг бөгөөд гурван настайгаасаа эхээсээ салж, бие даан амьдрах, эзэмшил нутгаа олох үйл явц эхэлнэ. Сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр мазаалайнууд Атас, Шар хулсны нуруу, Цагаан богдын нуруугаар тархан амьдардаг.


Сансрын дохиолол хүзүүвчийг 2005-2019 онд 26 мазаалайд зүүжээ.


Олон улс, бүс нутгийн хэмжээнд “устаж буй” хэмээн үнэлэгдсэн мазаалайн төрх ойн хүрэн баавгайтай төстэй ч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг жинтэй. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгнөөс доош хэсэг, хүзүү их биеэрээ бараавтар. Зүс нь нас, хүйснээс хамааран өөрчлөгддөг байна. 

Холбоотой мэдээ