УИХ дахь намуудын бүлэг хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь намуудын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийнэ.
Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд, Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа нэгтгэх юм.
Мөн зарим ажлын хэсгүүд хуралдана. Үүнд,
Төрийн болон албаны нууцын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан” танхимд;
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд хуралдах тов гарчээ.
Б.Туул