УИХ дахь АН-ын бүлэг төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс завсарлага авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-09-20 11:51:55

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АН-ын бүлгийн хүсэлтийн дагуу завсарлагыг гурваас илүүгүй өдрөөр сунгалаа.


УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлснээр, хэлэлцүүлгийн үеэр УИХ дахь АН бүлгийн дэд дарга Б.Жаргалан АТГ-аас УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь парламентын дархлааг сулруулж, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн үйлдэл гэж үзэж буйгаа илэрхийлэн, 2026 оны төсвийн төслүүдийн хэлэлцүүлгээс авсан завсарлагаа сунгах хүсэлтээ илэрхийлсэн байна. 


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. 



Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан, зарим сум А-92 бензиний үнэ нэмснийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг зогсоох талаар Засгийн газар ямар арга хэмжээ авч буйг тодруулсан.

Үүнд Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хариулахдаа, Атрын аян, Хүнсний хувьсгалын хүрээнд хөнгөлөлттэй зээлийг үргэлжлүүлэн олгоно. Чөлөөт худалдааны хэлэлцээр, гаалийн тарифыг хөнгөлөх бодлогын хүрээнд 200 сая хүн амтай зах зээлд хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг нийлүүлэх хэлэлцээр хийснийг тодотгов. Тэрбээр, Засгийн газраас экспортыг дэмжиж, гааль, хилийн боомтын үйл ажиллагааг оновчтой болгох, шуурхай цахимжуулах, мэдээлэл солилцох боломжийг хангах тогтоол гаргаснаар борлуулалт нэмэгдэж байна. Үнэ нэмснийг шалгаж байна. Инфляцыг өдөөгөөд буй бүтээгдэхүүний үнийг бууруулах, худалдан авалтыг нь багцаар хийх арга хэмжээ авч, төрөөс хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хэт оролцож, зах зээл рүү халддаг байдлыг зохицуулахаар 110 хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна гэлээ.


УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, 1.3 их наяд төгрөгийн алдагдал ямар үр өгөөж авчрахыг лавлаад, эдийн засгийн өсөлт, хувийн хэвшлийг дэмжих зорилтуудыг тодрууллаа.

Сангийн сайд Б.Жавхлан, Бид алдагдлыг хуульчилсан, суурь тэнцэл, тэнцвэржүүлсэн тэнцлийг тусгасан. Тэнцвэржүүлсэн тэнцэл нь татварын орлогоор бүрдэж, хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэр тэтгэмжийг санхүүжүүлнэ. Мөн  нэмэх хувийн ашигтай байх ёстой гэдгийг хуульчилсан. Харин дээрх алдагдал нь зээлийн ашиглалт юм. Үүнд нефть боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, нийслэлийн цэвэрлэх байгууламж, Улаанбаатар хотын цэвэр усны хангамжийг сайжруулах мега төслүүд багтдаг. Эдгээр нь эдийн засагт урт хугацаанд хамгийн үр өгөөжтэй байхыг онцлов.


УИХ-ын гишүүн Э.Болормаа, хүн амын хоол тэжээлийн үндэсний судалгаагаар ЕБС-ийн хүүхдүүдийн шим тэжээлийн дутагдал их байна. Д витаминых гэхэд 90 хувь, үүний 67 нь гүн дутагдалтай нь тодорхой болсон. Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд “Өдөр бүр нэг аяга сүү” хөтөлбөрийн зардлыг тусгаагүй. Хүүхдийн шим тэжээл гэж нэгдсэн байдлаар 263 тэрбумыг суулгажээ. Үүнээс хэдэн төгрөгийг сүүний хөтөлбөрт зарцуулж байгааг асуув.


Боловсролын сайд П.Наранбаяр, Хүүхдийн хоолны түүхий эд материалын зардалд 122.4 тэрбум төгрөг олгохоор тооцсон. Засгийн газрын 2024 оны тогтоолоор нийслэлд цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 4000 төгрөг гэсэн. Улсын төсвөөс 3000, эцэг эх, асран хамгаалагчаас 1000 төгрөгийг хариуцах хамтын санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр хоолноос авах шим тэжээл дээшилсэн. Хүүхдийн үдийн хоолны зардалд сүү тусгаагүй. Бага буюу 1-5 дугаар ангид 342296 хүүхэд сурч байна. Тэдэнд гурван өдөр 200 мл сүү өгнө гэвэл 30 тэрбум төгрөг тусгах шаардлагатай гэсэн хэмээлээ. 

Холбоотой мэдээ