Номын баяр хоёр дахь өдрөө үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-20 12:55:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг, соёл, номын өдрүүдийн хүрээнд “Номын соёлт ертөнц” ТББ-аас зохион байгуулж буй 38 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.


Номын баярын нээлтэд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцох үеэрээ номын баярыг санаачлагч “Номын соёлт ертөнц” ТББ-ын 20 жилийн ой болж байна. Иргэний нийгмийн энэ үнэ цэнтэй санаачилгыг төр, засаг дэмжиж, өргөжүүлэх нь бидний үүрэг. УИХ-ын дарга байхдаа “Өдөр бүр таван хуудас уншъя” уриалга дэвшүүлсэн бол, өнөөдөр энэ үйлсийг бодлогын түвшинд ахиулж, бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэхийг зорьж буйгаа тэмдэглэлээ.



Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан. Ном унших соёлыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхийг төр, засаг бодитой дэмжинэ. Энэ бол шинэ зорилт бус, үр хүүхдээ хөдсөнд өлгийдөж, ном судраа торгонд баринтагладаг өвөг дээдсийн минь оюун санаа, соёл, уламжлалын үргэлжлэл гэдгийг Ерөнхий сайд онцлоод энэ гэгээн үйлсийн төлөө сэтгэл зүрхээ зориулж буй зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч болон “Номын соёлт ертөнц” ТББ-ын хамт олон, баярт хүрэлцэн ирсэн уншигчид, оролцогчдод талархал илэрхийлэв.


Мөн номын хуудас бүрээс бид мэдлэгийн эрдэнэ түүж, ухаарлын гэгээ олж, ирээдүйгээ бүтээдэг. Монголын ирээдүйг боловсролтой, өрсөлдөх чадвартай, хүчирхэг болгоход эдгээр хүмүүсийн оруулж буй хувь нэмэр онцгой үүрэгтэй хэмээн тодотгосон юм.



Энэ удаагийн баярыг “Номын ертөнц” төрийн бус байгууллагын 20 жилийн ойтой хамтатган, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж байгаа бөгөөд дотоодын зохиолч, хэвлэлийн газруудын зэрэгцээ энэ үеэр шинэ бүтээлийн нээлт, зохиолч уншигчдын уулзалт, хүүхэд багачуудад зориулсан үйл ажиллагаанууд өрнөх юм. Мөн уншлагын уралдаан, орчуулагч, хэвлэн нийтлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих олон улсын үйл ажиллагаа болохын зэрэгцээ “50 ном” хуанлиг уншигчдад хүргэж байна.



Гурван өдөр үргэлжлэх номын баяр нь хүүхэд залууст ном унших соёл, дадал хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигч, ном, хэвлэлийн салбарыг дэмжих сурталчлах зорилготой. Тус баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач оролцож байгаагаас гадна ОХУ, БНХАУ, БНТУ, Казахстан зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгч хүрэлцэн иржээ. Номын баярт оролцогчдын 70 орчим хувь нь хүүхдийн ном, зохиол, сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, танин мэдэхүйн бүтээл, комик цуврал байлаа.



Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг үндэсний хэмжээний тэмдэглэлт өдрүүд учир ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцдог юм.


“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” буюу номын баяр энэ энэ сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. 





Холбоотой мэдээ