Их зохиолч Д.Нацагдоржийн гол бүтээлүүдийг эмхэтгэн хэвлэжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчийн нэг, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс зохион байгуулах ажлынхаа талаар өнөөдөр мэдээллээ.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Түвшинтөгс хэлэхдээ, “Анх1976 онд их зохиолчийн мэндэлсний ойг тэмдэглэснээс хойш 10 жил тутам улс орон даяар тэмдэглэх болсон. Ойн хүрээнд жилийн турш олон ажил зохион байгуулж байна.
ЕБС-ийн сурагчдын дунд “Бидний мэдэх Д.Нацагдорж” эссэ бичлэгийн уралдаан, “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам, олон улсын эрдэм шинжилгээний хурал Төв аймагт болно. Хуралд Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн талаар судалгаа хийдэг Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гадна ОХУ, БНХАУ, БНЧУ улсаас эрдэмтэн судлаачид оролцохоор мэдэгдсэн. Манай хүрээлэнгээс их зохиолчийн тулгуур бүтээлүүдээр ном хэвлүүлснээ энэ 7 хоногийн сүүлээр танилцуулна” гэв.
Их зохиолчийн хөшөөний шав тавих ёслол маргааш Төв аймагт болох бол зохиолчид Баяндэлгэр сумын нутагт мэндэлсэн газарт нь очиж хүндэтгэл үзүүлэх юм. Мөн СГЗ Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжиг УДЭТ-ын тайзнаа, “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн нээлт Багануур дүүргийн Соёлын төвд, “Учиртай гурван толгой” дуурь, “Үйлийн гурван толгой” балет УДБЭТ-ын тайзнаа тус тус үзэгчдийн хүртээл болно.
Түүнчлэн Их зохиолчийн төрсөн нутаг болох Төв аймгийн Баяндэлгэр суманд түүний гэр музейг байгуулах, Д.Нацагдоржийн амьдарч байсан гэрийн буйрын орчимд аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр